Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах чиглэлээр цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Хо Ши Миний нэрэмжит нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн сурагчидтай уулзаж, спортын замнал, амжилт болон хувийн амьдралынхаа талаар сонирхолтой, халуун дотно яриа өрнүүллээ.
Тамирчны гэр бүлээс гаралтай, спортоор хичээллээд 29 жил болж байгаа, Монголоос хамгийн олон буюу долоон олимпод оролцсон тэрбээр спортоор хичээллэхийн давуу тал, хэрхэн амжилтад хүрэх, бие сэтгэлийн тэвчээр, аав, ээжээс өвлөсөн тамирчны тэсвэр хатуужлын талаар ярив.
“Би та нар шиг хүүхэд байхдаа Долоон буудал дахь гэрээсээ Буудлага спортын төв рүү автобусаар байнга явдаг байлаа. Гэхдээ ачаалал ихтэй, холоос явдаг, бага насны хүүхэд их ядардаг байсан болохоор дандаа буудлаасаа хэтрээд явчихна. Эцэс дээр нь очоод кондуктор сэрээдэг, цүнхээ алдах зэрэг асуудал гардаг байсан” гэв.
Мөн тамирчин хүнийг сэтгэл зүйн бэлтгэлтэй, өндөр үр дүнтэй байлгахад мэргэжлийн хүнтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. “Олон цагаар ганцаараа хана руу хараад шагайлт хийх дасгал хийнэ. Амжилт тааруухан үед гэртээ яаж харина даа гэх мэт хэцүү байдал байнга гарна. Ялангуяа бэртэл гэмтэлтэй үед туйлын хэцүү байдаг. Аавыгаа алдсан үед хамгийн хэцүү байсан” хэмээн Гүндэгмаа баатар чин сэтгэлээ уудлан ярилцсан юм. Мөн шантрах үе олон гардаг ч зорьсондоо хүрэхийн тулд тэсвэр хатуужилтай байх хэрэгтэйг сурагчдад ойлгууллаа.
О.Гүндэгмаагийн хувьд буудлагын спортоор хичээллэж эхлээд зургаан сарын дараа спортын мастер болсныгоо “Миний хувьд өгөгдөл байсан байх. Гэр бүлийнхэн дэмждэг байсан, өдөр болгон бэлтгэлээ тууштай сайн хийдэг байсан зэрэг нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн болов уу” хэмээн тайлбарлав.
Өдөрлөгийн үеэр сурагчид О.Гүндэгмаагийн олимпын наадамд буудсан бууг барьж үзсэнээс гадна сурагчдын дунд буудлагын тэмцээн зохион байгуулсан нь маш сонирхолтой болов. Сурагчид буудсан цаасан байн дээрээ болон О.Гүндэгмаагийн зурагтай зурагт хуудсан дээр гарын үсгийг нь зуруулж, хамтдаа зургаа авахуулсандаа өндөр сэтгэгдэлтэй байлаа. Хүүхдүүдийн дундаас хамгийн сайн буудаж түрүүлсэн сурагч н.Халиунзаяаг буудлагын спортоор нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичгээр урамшуулав.
МҮОХ спортын алдартнуудыг сурагчидтай уулзуулж, спортын сайхныг мэдрүүлэх аяныг ийнхүү эхлүүллээ. Цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын гавьяат тамирчин, боксчин Д.Отгондалай, эмэгтэй боксчин М.Намуун болон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид, чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Батцэцэг, байт харвааны ОУХМ Б.Урантунгалаг нар хуваарийн дагуу сурагчидтай уулзана.