"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадмын самбо, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн манай тамирчид өчигдөр 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 6 медаль зүүлээ.
Самбо бөхийн эрэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд өрсөлдсөн Ш.Эрдэнэбаатар шигшээ барилдаанд Казахстаны Баглан Ибрагимд ялагдаж мөнгөн медаль зүүсэн бол эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Г.Наранцэцэг аваргын алтан медаль зүүж, түүнтэй шигшээ барилдаанд өрсөлдсөн Б.Ойдовчимэд мөнгөн медаль хүртжээ.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр Өмнөд Солонгосын Ким Сун Минд, -90 кг-ийн жинд барилдсан Г.Алтанбагана Өмнөд Солонгосын Гвак Дон Ханд тус тус ялагдаж мөнгөн медаль зүүцгээсэн байна.
Харин -100 кг-ийн жинд Л.Отгонбаатар Тажикистаны Сайджалол Сайдовыг цэвэр ялж хүрэл медаль зүүлээ.
Жүдогийн төрөл өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөнө. Харин Самбогийн -90 кг-ийн жинд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн -68 кг-ийн жинд Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар барилдана.
Мөн манай боксын 60 кг-ийн Э.Цэндбаатар, 64 кг-ийн Б.Чинзориг нар Хятад, Тайландын боксчдыг тус тус ялж мөнгөн медалийн болзол хангасан.
Тэд өнөөдөр үдээс хойш 15:45 цагаас эхлэн алтан медалийн төлөө өрсөлдөх юм.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид 4 алт, 8 мөнгө, 10 хүрэл, нийт 22 медальтайгаар Азийн Наадамд оролцогч нийт улсуудаас 17 дугаарт жагсч байна.