"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадамд оролцож буй манай жүдо бөхийн хувийн барилдаанууд өчигдөр өндөрлөлөө. Нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аварга тодорсон бөгөөд манай улсаас 13 жинд тамирчид өрсөлдөөд хос мөнгө, таван хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д зодоглосон Г.Алтанбагана, +100 кг-д хүч сорьсон Ө.Дүүрэнбаяр нар мөнгө, -100 кг-д Л.Отгонбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн -70 кг-д Ц.Наранжаргал хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулав.
Түүнчлэн М.Уранцэцэг “Инчён”-ы алтаа хүрлээр сольсон бол Д.Сумъяа хүрэл, Ө.Дүүрэнбаяр мөнгөн медалиа ихэрлүүлсэн юм.
Жүдогийн төрөлд япончууд илт давамгай байлаа. Ялангуяа эмэгтэй бүх жинд финалдаж, зургаад нь түрүүлсэн мундаг үзүүлэлттэй. Харин эрэгтэйгээс 73 кг-д Шохэй Оно, -100 кг-д Кэнтаро Ийда нар түрүүлсэн байна.
Жүдогийн төрөл өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөнө. Харин самбо бөхийн төрөл хоёр жингийн тэмцээнээ маргааш хийж дуусгаснаар мөн өндөрлөх юм.