"Бээжин-2022" өвлийн паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Монгол Улсаас пара цанын тамирчин Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг нар оролцох эрхээ аваад байна.
Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гараанд уралдах юм. Тэд гүйлтийн цанын Дэлхийн АШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан. Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаагаа оролцож байгаа бол Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцож байсан туршлагатай бөгөөд энэ удаа паралимпын наадамд гурав дахь удаагаа өрсөлдөх юм.
Мөн Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөх анхны тамирчин болсон. Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016 оны хооронд, уулын цанын төрлөөр 2016 оноос хойш хичээллэж буй юм. Б.Цэрэнпунцаг 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII байрт шалгарч, өнгөрсөн оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.