МҮОХ-ны удирдлагууд Олон улсын олимпын хорооны Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
МҮОХ нь байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар ярилцжээ.
Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн тамирчин Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцар улсын Лозанн хотноо байрлах ОУОХ-ны Олимпын музейд хандивлахаар боллоо.
Манай тамирчин маргааш болох хаалтын ёслолд дээлээ өмсөөд, дараа нь Олимпын музейд хүлээлгэн өгөхөөр тохиров.