Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам ангиллын тэмцээн боллоо. Бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээнд 52 орны 285 жүдоч өрсөлдсөн юм.
Монгол Улсын шигшээ багаас Ё.Басхүү, О.Цэцэнцэнгэл нар алтан медаль, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медалийг авсан билээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жингийн хагас шигшээд Японы Тамаоки Момо болон Францын Присцилла Гнэто нар барилдсан бөгөөд барилдааны явцад Гнэтогийн гар утас дэвжээнд унаснаар (барилдааны бичлэгээс 2:22 секундыг хараарай) түүнийг хансокү макэ торгуулиар дэвжээнээс хөөсөн. Дүрмийн дагуу хансокү макэ торгуулиар хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй байдаг. Гэтэл Присцилла Гнэто Л.Энхрийлэнтэй татамид зодоглон улмаар нэмэлт цагт эргэлзээтэй үнэлгээгээр манай тамирчныг ялж хүрэл медаль зүүсэн юм.
Олон улсын жүдо бөхийн холбоо энэ алдаагаа залруулж Л.Энхрийлэнд хүрэл медалийг дараагийн олон улсын тэмцээний үеэр гардуулахаар өнөөдөр шийдвэрлэлээ.
Л.Энхрийлэн Парисын Их дуулга тэмцээний эхний тойрогтоо Мадагаскарын Кристиан Виталтай учраа таарсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй тул ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг 3:26 минутад өчих мэхээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт Францын Сара-Леон Сисикт ялагдсан юм. Гэвч торгуулийн тойрогт 2019 оны Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Польшийн Жулья Ковалчукийг нэмэлт цагт ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Ийнхүү Парисын Их дуулга тэмцээнд зодоглосон манай шигшээ багийн медалийн тоо тав боллоо.