"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны "Их дуулга"-ын тэмцээнээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ.
Тэрээр эхний барилдаанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад мөн цэвэр ялав.
Хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон, 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.
Ингээд алтан медалийн төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг ялснаар Парисын "Их дуулга"-ын +100 кг-ын жинд түрүүлсэн анхны Монгол жүдоч боллоо.
Ийнхүү Монголын жүдочид Парисын "Их дуулга"-аас 46 дахь медалиа хүртсэний ес дэх алтан медаль нь түүнийх боллоо.
Дашрамд дурдахад, О.Цэцэнцэнгэл нь Улсын начин Батжаргалын Одхүүгийн хүү аж.