"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадамд оролцож буй манай улсын байт харвааны ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Б.Отгонболд нар рекурв буюу олимпийн зайн холимог харвалтын төрөлд Дэлхийн чансааны нэг, хоёрдугаарт бичигддэг БНСУ-ын тамирчдыг ялж шигшээ дөрөвт үлдсэн юм.
Монголын холимог багт Лондонгын олимпод оролцогч Б.Урантунгалаг болон энэ жил 21 нас хүрч байгаа залуу харваач Б.Отгонболд нар харвасан. Тэд эхлээд Энэтхэгийн багийг 5:4-оор ялсан. Тус багт ДАШТ-ий хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальтай Деепика Кумари, Ази тивийн аваргын мөнгөтэй Дас Атану нар байлаа.
Харин шөвгийн наймд олимп, дэлхийн хошой аварга БНСУ-ын Чан Хэ Жин болон залуучуудын Олимп, Дэлхийн аварга И Во Сеок нарыг 5:1-ээр илүүрхсэн юм.
Харамсалтай нь, Японы холимог багт 6:2-оор хожигдож хүрэл медалийн төлөө харвахаар болсон. Японы багт Лондоны олимпийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ээс хүрэл зүүсэн Такахарү Фүрүкава, ДАШТ-ий шагналт дөрөвдүгээр байрт орсон Томоми Сүгимото нар багтсан аж.
Өнөөдөр буюу 8-р сарын 27-нд Улаанбаатарын цагаар 14:00-өөс хүрэл медалийн төлөө БНХАУ-ын харваачидтай цэц сорино.
ОУХМ Баатархуягын Отгонболд
ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг