Монголын Үндэсний олимпын хорооны ээлжит чуулган энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд явагдах байсан билээ. Гэвч чуулганы үеэр сонгуулийн үйл ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй хараат бус сонгуулийн комисс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсны улмаас чуулганыг хойшлуулахаас аргагүй нөхцөл үүссэн байдаг.
Тиймээс МҮОХ-ны бүх гишүүдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж, олимпын чуулганыг 2022 оны Гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтжээ.
МҮОХ-ны дүрмийн 14.2-т “МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө гишүүдийн хурлаас зарлана” гэж заасны дагуу чуулганы товыг тогтоосон байна.
Ирэх оны гуравдугаар сарын 28-нд болох чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм.