Наймдугаар сарын 17-30-нд АНЭУ-ын нийслэл Дубай хотноо боксын өсвөр үе, залуучуудын Азийн АШТ явагдсан билээ. Тус тэмцээнд 15 орны 269 ширэн бээлийтэн өрсөлдсөнөөс О.Түвшинзаяа мөнгө, М.Цэцэгдарь, О.Есөнхүслэн, Д.Гэрэлсайхан нар хүрэл медаль хүртжээ.
Тэгвэл медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагч Ж.Еркиний хамт МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан баяр хүргэж, хувиасаа гарын бэлэг гардууллаа.
Энэ үеэр Э.Бадар-Ууган тамирчны замнал болоод амжилтад хүрсэн түүхээсээ залуу тамирчдад сонирхуулж, цаашид юунд анхаарч явах талаар туршлагаа хуваалцав.
Тэрээр “Миний хувьд 13-тайдаа боксоор хичээллэж эхэлснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцож байгаагүй. Зөвхөн бокстоо анхаарлаа хандуулж, бэлтгэлдээ бүхнээ зориулдаг байлаа. Энэ хугацаанд бокс сурахгүй юм байна гэсэн бодол мянган удаа орж ирсэн. Гэхдээ шантралгүй зүтгэсний үр дүнд олимпын аварга болж чадсан.
Тухайн үед шигшээ багийн тэр олон тамирчнаас би ганцаараа өглөө бүр уулын кроссонд гүйдэг байсан. Ер нь хэн илүү хөдөлмөрлөсөн нь л амжилтад хүрдэг юм.
Та нар тэмдэглэл сайн хөтөлж байгаарай. Тухайн тэмцээн, тухайн тулаан, бэлтгэл дууссан даруйд халуун мэдрэмжээ тэмдэглэлийн дэвтэрт буулгаж үлдээх нь хожим хэрэг болдог юм. Тэмдэглэлийн дэвтэр бол та нарын хоёр дахь багш л гэсэн үг” гэлээ.
Мөн залуу тамирчдыг бэлтгэлээ баяр баясгалантай, чин сэтгэлээсээ хийж байхыг сануулав.
Сэтгэгдэл (1)