Ninja Wolves сангаас жил бүр “Тамирчны манлайлал” хөтөлбөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хөтөлбөр Есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Өндөр зэрэглэлийн тамирчдын спортын дараах карьер шилжилт, хувийн амьдрал, цаашдын өсөлт хөгжилтийг чиглүүлэн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой энэхүү хөтөлбөр нь өнгөрсөн 2020 оны Арванхоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулагдан нийт +60 хөтөлбөрт оролцох анкет хүлээн авч, 15 оролцогчийг шалгаруулан, хөтөлбөр амжиллтай хэрэгжсэн билээ.
Тэгвэл удахгүй хоёр дахь удаагаа зохион байгуулагдах хөтөлбөрийг “Зориг сан” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тамирчдын их спортын дараах амьдрал, карьер төлөвлөлтөд дэмжлэг үзүүлж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа нь хөтөлбөрийн үндсэн зорилт юм.
Хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөн олон улсын тэмцээн болон тухайн спортынхоо дээд лигийн түвшинд өрсөлддөг бүх төрлийн тамирчид хамрагддаг ба тэдний спортын дараах карьер төлөвлөлт, шилжилт нь тамирчдын хувьд хамгийн төвөгтэй асуудал байсаар ирсэн. Тэгвэл энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тамирчид спортын дараах амьдрал, карьераа төлөвлөж нийгэмд дасан зохицох шилжилтээ хэрхэн хийхээ мэдэж авах болно.
Энэ удаагийн хөтөлбөрийн шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдаж, нийт 15 оролцогч хамрагдах бөгөөд тэд дөрөв хоногийн турш Карьер төлөвлөлт, Харилцааны ур чадвар, Спортын сэтгэл зүй болон бэлтгэлжилт, цагийн менежмент гэсэн үндсэн сэдвүүдээр олон улсад бэлтгэгдсэн мэргэжлийн багш, дасгалжуулагч нарын сургалтад суух юм.