Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам өчигдөр Японы Токио хотноо нээлтээ хийлээ.
Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчин оролцохоор болж, “Рио-2016” паралимпыг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээлсэн. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс “Ковид-19”-ийн шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.
Паралимпын түүх дэлхийн II дайны дараа идэвхтэй өрнөсөн бөгөөд Паралимпын анхны бэлгэдэл тэмдгийг 1988 оны Сөүлийн паралимпын наадмын үеэр хэрэглэж эхэлжээ. Харин өнөөгийн бэлгэдлийг 2004 оны Афины зуны паралимпын наадмын хаалтын үед нийтийн өмнө танилцуулжээ. Харин 2006 оны өвлийн Паралимпын үеэс шинэ бэлгэдлийг албан ёсоор хэрэглэж эхэлжээ.
Цэнхэр, улаан, ногоон гурван өнгийн хагас сар хэлбэртэй дүрсээс бүрдсэн энэхүү бэлгэдэл (Paralympic symbols) нь латин хэлний агитос (three agitos) хэмээх үгээр илэрхийлдэг “хөдлөх, зүтгэх, чиглэх” гэсэн санааг илэрхийлдэг бөгөөд өнгийн хувьд дэлхийн улс орнуудын туг далбаанд байдаг нийтлэг өнгө болох цэнхэр, улаан, ногоон өнгийг сонгож авсан юм байна.
Сонирхуулахад, "Токио-2020" зуны паралимпын наадамд Монгол улсаас спортын 6 төрөлд 11 тамирчин оролцож байна.
Монголын Паралимпын хороо