МХБХ-ны 2020-2028 оны “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-ийн хүрээнд “Нийтийн хөлбөмбөг”-ийг Монгол улс даяар хөгжүүлэх асуудлаар уулзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 8 сарын 18-ны өдөр хүлээн авч, уулзалт хийлээ. Уулзалтад АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны зөвлөлийн гишүүн М.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар оролцлоо.
“Нийтийн хөлбөмбөг”-ийн хүрээнд аймаг, хот, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн охид, хөвгүүд оролцсон 5 үе шатанд талбайн хөлбөмбөгийн тэмцээнийг эхлүүлэх, Хөлбөмбөгийн дэд бүтцийг бий болгох үүднээс 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 1 стандарт талбай байгуулах хөтөлбөр, Клуб, холбоодоо дэмжих үүднээс “Хамтын ажиллагаа түншлэл” хөтөлбөр, жил бүр үргэлжлэн явагддаг “Үндэсний цом” тэмцээнийг өргөжүүлэх, чанаржуулах хөтөлбөр, Боловсон хүчнийг дэмжих зорилгоор “Дасгалжуулагч, багшийн боловсрол” хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.
Энэ төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох, хөлбөмбөгийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан МХБХ-нд өчигдөр зочиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломжууд байгааг хоёр тал онцолсон бөгөөд цаашид хэрхэн хамтран, ажиллахаа ярилцлаа.
Дэлхийн нэг номерын спортыг Монгол улсад хөгжүүлэх үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, дэмжиж байгаад МХБХ-ны хамт олон баяртай байна.
Нэг баг нэг зорилгын төлөө хамтдаа хөлбөмбөгийг хөгжүүлцгээе.