Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Паралимпын наадам хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Тусгай хэрэгцээт тамирчдын хурд хүчээ сорьдог дэлхийн хамгийн том наадам Наймдугаар сарын 24-нөөс Есдүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх юм.
Японы нийслэл Токио хот нь Паралимпын наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан анхны хот болж байна. Өмнөх наадмыг 1964 онд зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн наадмын хувьд, коронавирусийн халдварын улмаас хэний ч төсөөлж байгаагүй нөхцөлд зохион байгуулагдана. Тухайлбал, танхимын үзэгчдийг спортын байгууламжуудад нэвтрэхийг хориглох гэх мэт аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Манай улсаас 11 тамирчин оролцохоор эрхээ авсан бөгөөд түүхэндээ хамгийн олон спортын төрөлд хамгийн олон тамирчнаа оруулсан паралимп гэдгээрээ онцлог бөгөөд гурван медаль горилж байгаа талаар БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн юм.
Паралимпын наадамд 160 орчим орны 4400 орчим тамирчин оролцож, Токио болон тус хотын ойролцоох гурван мужид болох тэмцээнүүдэд өөрсдийн хурд хүчээ сорих юм.
Эдгээр мужид бүгдэд нь онцгой байдлын дэглэм тогтоогоод байгаагийн зэрэгцээ өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа аж.
Хэдийгээр 17 өдөр үргэлжилсэн Токиогийн Олимпын үеэр тамирчид, төлөөлөгчдийн дунд халдварын томоохон голомт үүсээгүй ч Паралимпын зарим тамирчны хувьд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан илүү ноцтой шинж тэмдгүүд илрэх эрсдэл өндөр байх магадлалтай байна.
Токиод өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 5000 давах болсон нь долоодугаар сарын 23-нд Олимпын наадам эхлэхээс өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдээд байгаа юм. Токио хотын захирагч Койкэ Юрико өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал “гамшгийн түвшинд” хүрээд байгааг хэлж байв.
Токиогийн Паралимп хүмүүсийн өөр хоорондоо ялгаатай байдлыг тодотгон харуулах олон талт нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт зохион байгуулагчид найдаж байна.