Монгол улсын иргэн, Олимпын мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай Монгол улсын Засгийн газарт гомдолтой байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн.
Тэгвэл МҮОХ-ноос үл ойлголцол үүссэн хэмээн тайлбар хийлээ.
Тайлбарт, "Олимпийн мөнгөн медальт Саид Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ. Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе.
Саид Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж, тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгосон билээ. Харин албан ёсоор хүлээж авах тухайд олимпоос ирсэн тамирчид 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах зөвлөмжийг УОК-оос өгсөн. Энэ хугацаа дуусахаар олимпод оролцсон тамирчдаа албан ёсоор хүлээн авч, олимпод оролцсоны батламж болох энгэрийн тэмдэгийг гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна.
Наймдугаар сарын 23-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар олимпийн наадамд оролцсон тамирчдыг хэзээ хүлээн авч, ОУОХ-ноос ирүүлсэн батламж, үнэмлэх тэмдэгийг гардуулж өгөх тов гарах болно.
Улсаас олгох мөнгөн урамшууллын хувьд Засгийн газрын тогтоол гарсан. Олимпийн медальтанд сар бүр олгох мөнгөн дэмжлэг 2022 оны нэгдүгээр сараас олгогдож эхлэх учиртай. Энэ бүхнийг түүнд сайн тайлбарлан хэлээгүйн улмаас үл ойлголцол гарсанд МҮОХ харамсаж байна.
Саид Моллай болоод бусад бүх тамирчдадаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, дахин ийм үл ойлголцол гаргахгүйн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье" гэжээ.