Өнөөдөр буюу Наймдугаар сарын 1-ний өдөр Монголын гурван тамирчин буудлага, бокс, чөлөөт бөх гэсэн спортын гурван төрөлд өрсөлдөнө.
Монголын ширэн бээлийтнүүдээс олимпын рингэнд ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16:48 цагт Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө өрсөлдөнө.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан “хатуу самар” аж. Э.Цэндбаатар, Алберт Батыргазиев хоёрын хэн хэн нь олимпийн аварга болчихоод мэргэжилд шилжих хүсэл тээж яваа. Тэгвэл хэн нь олимпын медаль авах болзлоо хангаж, хэн нь хоосон хоцрохоо шийдэх маш чухал тулаан Э.Цэндбаатарыг хүлээж байна.
Сонирхуулахад, Монголын боксчид сүүлийн гурван олимп дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ.