Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд ОУХМ Цолмонбаатарын Анударь 576 оноогоор 9, О.Гүндэгмаа 30 дугаар байрт оржээ. Ц.Анударь нэг л оноо илүү авсан бол долдугаар байраар финалд шалгарах байсан юм.
Тэрээр "Энэ удаагийн олимпод хүмүүс их сайн буудлаа. Миний хувьд, өөрийгөө сайн буудсан гэж бодож байгаа. Сүүлийнхээ хоёр, гурван сумыг алдчихлаа. Багшгүй явж байгаа нь хүндрэлтэй байлаа. Миний шүтдэг маш сайн тамирчин олон байлаа. Олимп, дэлхийн аваргуудтай хамт буудаж байна гэдэг нь нэр төрийн хэрэг байлаа. Анхны олимп болохоор туршлага дутлаа" гэсэн юм.
Тэгвэл Биеийн тамир спортын улсын хорооноос Ц.Анударийн хувийн дасгалжуулагч олимпод яваагүйтэй холбоотой мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, тус мэдэгдэлд "БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг бөгөөд Олимпын наадмыг зохион байгуулах хороо нь нийт эрх авсан тамирчдын 55 хувьд дасгалжуулагчид квот олгодог журамтай.
Өчигдөр зохион байгуулагдсан буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар зэрэг оролцох үед дасгалжуулагч Л.Ундралбат, тамирчин Э.Даваахүү нар тэмцээний туршид хамт байсан болно.
Олимпын наадмын бэлтгэлийг тамирчдын хүсэлтийн дагуу тус бүр хувийн дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтад хамруулсан.
Ц.Анударийн бэлтгэлийг Д.Лхадорж, О.Гүндэгмаагийн бэлтгэлийг Л.Ундралбат, Э.Даваахүүгийн бэлтгэлийг н.Өлзийбаяр дасгалжуулагч нар тус тус хариуцан хангасан" гэв.