Токио-2020 зуны олимпын наадмын Буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шатанд Монголыг төлөөлж амжилттай оролцсон Ц.Анударь сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрээр дэлхийн шилдгүүдтэй ширүүн өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан юм.
ОУХМ Ц.Анударь "Токио-2020 зуны олимпын наадамд оролцож буй тамирчид маш сайн буудлаа. Миний хувь нэгдүгээрт явж байсан тамирчнаас нэг контролоор дутуу байсан. Харамсалтай нь сүүлийн 2, 3 сумыг л алдчихлаа.
Багшгүй явж байсан учраас өөрийгөө хэдэд явж байсныг ч харсангүй. Гараад ирсэн чинь есдүгээр байраар таслуулчихсан байсан.
Онооны самбар хараад сайн ажиллаарай гэдгийг минь хэлэх багштай явсан бол зүгээр байлаа гэж бодож байна.
Миний хувьд энэ тэмцээнд өөрийн шүтэж, биширдэг дэлхийн болон олимпын аваргуудтай өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Би Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хүсэж байна. Энэ удаагийн олимп яах аргагүй анхных байсан болохоор тэмцээний эхний төрөлд бага зэрэг туршлага дутчихлаа.
Гэхдээ Э.Даваахүү ах бид хоёр өөрсдийн дундаж оноогоо оноход финалд шалгарах магадлал бий" гэв.
Сэтгэгдэл (1)