Биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг хангахад спортын шинжлэх ухаан болон онолын сэтгэлгээг хөгжүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгаа билээ.
Биеийн тамир, спортын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэх, гадаадын эрдэмтдийн судалгааны ажлын талаарх мэдээлэл авах, залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 9 жилийн ойн хүрээнд 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Биеийн тамир, спорт-Залгамж халаа-Хөгжил”, “Биеийн тамир, спорт - Хөгжил ба Шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал болон өргөтгөсөн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээг Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ, Япон, БНХАУ, Франц, Серби, БНСУ, Монгол улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний тулгамдсан асуудлууд, спортын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи, хүүхдийн спорт ба өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, түүх, менежментийн чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, явцын тухай хэлэлцэв.
Мөн Монгол улсын өсвөрийн тамирчдын бэлтгэл ажлын зохион байгуулалтын арга хэлбэрийг шинэчлэн өөрчлөх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, багш, дасгалжуулагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, уралдаан тэмцээний тогтолцоог боловсронгуй болгох, биеийн тамир, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний тулгамдсан асуудлууд, спортын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи, хүүхдийн спорт ба өсвөр үеийнхэн зэрэг олон асуудлыг цогцоор нь авч үзэв.
"Жакарта-2018” Азийн наадам, "Буэнос-Айрес - 2018" Залуучуудын олимпийн наадам, “Токио-2020” олимпийн наадамд Монгол улсын баг, тамирчдыг бэлтгэх ажилд чухал ач холбогдолтой илтгэлүүд тавигдсан нь онцлог байлаа.
Эх сурвалж: OLYMPIC.MN