Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь 2021 оны Зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Тухайн уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх "Олимпизмийн шинэ эрин" төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцсон байна.
Дашрамд дурдахад, “Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна хэмээн мэдээллээ.
Эргэн сануулахад, Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан билээ.
Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч Тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягны нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан байсан юм.