Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна.
Өчигдөр манай улсын тамирчдаас эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар барилдсан. Харин эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн нар зодоглов.
Тэмцээний хоёр дахь өдөр дээрх тамирчдаас -66 кг-ийн жинд барилдсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо , "Жем" интернэшнл компаний бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль юм.
Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д барилдсан Л.Сосорбарам дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дугаар байрт шалгарлаа.
2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт 7 дугаар байр гэсэн амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагсаж байна.