“Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол өнөөдөр боллоо.
Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпын Хорооноос /ОУОХ/ уг тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.
МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой хамтран судалж үзсэний үндсэн дээр энэхүү шалгаруулалтад нийт найман спортын 17 тамирчин тэнцэж, тэтгэлгийг хүртэх эрхтэй болжээ.
Үүнд,
-
Жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Л.Сосорбарам,
-
Буудлагын спортын төрөлд О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь,
-
Боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун,
-
Чөлөөт бөхийн төрлөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд,
-
Таеквондогоос П.Тэмүүжин,
-
Хөнгөн атлетик Д.Гантулга,
-
Байт харваа Ж.Гантөгс,
-
Хүндийн өргөлт М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй.
Дээрх тамирчид нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл Олимпын наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин тухайн Спорт холбоо, МҮОХ болон ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртдэг бөгөөд гэрээний дагуу нэг сард 415 ам.доллар буюу тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна.
Хөтөлбөр 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд “Токио 2020” олимпын наадамд хойшилсонтой холбоотойгоор гэрээ нэг жилээр сунгагдаж, 2021 оны тавдугаар сар хүртэл үргэлжилж байгаа юм.
Өмнөх “Рио-2016” олимпын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт мөн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн спортын долоон төрлийн 17 тамирчин хамрагдаж байв.