IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа.
Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтснаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна.
“Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байсан юм.
Дашрамд, Т.Энхцэцэг нь 2019 оны Жүдо бөхийн Дэлхийн шилдэг шүүгчдийн нэг болж байсан билээ.
Т.Энхцэцэгтэй хамт “Токио-2020” олимпийн наадмыг шүүх бүрэлдэхүүн:
1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)
2. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)
3. Mr. Raul CAMACHO (ESP)
4. Mr. Velimatti KARINKANTA (FIN)
5. Mrs. Roberta CHYURLIA (ITA)
6. Mr. Mathieu BATAILLE (FRA)
7. Mrs. Akiko AMANO (JPN)
8. Mr. Evgeny RAKHLIN (RUS)
9. Mr. Lubomir PETR (AUS)
10. Mr. Everado GARCIA (MEX)
11. Mrs. Sook Hee HYUN (KOR)
12. Mr. Orlando CRUZ (DOM)
13. Mr. Mariano DOS SANTOS (BRA)
14. Mr. Ramziddin SAYIDOV (UZB)
15. Mr. Jean-Claude DJIMBI (GAB)
16. Mrs. Annamaria FRIDRICH (HUN)
Монгол Улсын хамгийн анхны жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч бол М.Бөхбат юм. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүнээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн М.Бөхбат "Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж, МҮОХ-ны тэргүүн шагнал болох "Бөртэ Чоно" наадмын шилдэг шүүгчийн шагналыг гардан авч байсан билээ.