Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр, Говь-Алтайд зохион байгуулах саналаа НОК-ын дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн билээ. Мөн тухайн өдөр Нийслэлийн засаг дарга хүсэлтийг зөвшөөрсөн гэх мэдээлэл гараад байсан юм.
Харин өчигдөр Шадар сайд С.Амарсайхан "Цар тахлын улмаас сар шинийн баяраар Бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үед нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь гэртээ хорионд байх ялгаа гаргахгүй. Нөгөө талаараа халдварын эрсдэл үүсгэхгүй. Бөхийн холбооныхон ойлгож байгаа гэж бодож байна" гэсэн юм.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдахгүй болохыг мэдэгдлээ.
МҮБХ "Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай.
Төрт ёсны уламжлалт Сар шинийн барилдааныг зохион байгуулахыг дэмжиж ажилласан Нийслэлийн Онцгой Комисс, “Аеро Монголиа” ХХК, “Хүннү Айр” ХХК болон бөхийн барилдааныг тасалдуулахгүйн тулд орон нутагтаа зохион байгуулах санал гаргасан Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн ЗДТГ, Увс аймгийн Үндэсний Бөхийн салбар холбоондоо, мөн бөхчүүддээ гүн талархал илэрхийлье.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэсэн байна.