Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд Монгол Улсын далбааг мандуулсан туршлагатай уулчин Б.Гангаамаа дараачийнхаа оргилыг өнөөдөр зарлалаа. Тэр монголчуудын дунд “алуурчин уул” гэж нэршсэн K2 оргилд гарахаар болсноо мэдээллээ.
Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргил далайн төвшнөөс дээш 8611 метрийн өргөгдсөн, дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна. Б.Гангаамаа К2 оргилыг 2013 онд, Г.Өсөхбаяр 2017 онд зорьсон ч оргилд гарч чадалгүй буцсан билээ.
Б.Гангаамаагийн авиралт Пакистаны талаас эхлэх бөгөөд ирэх долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 5-ны хооронд К2 ууланд авирах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Б.Гангаамаа нь дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан Монголын анхны эмэгтэй уулчин. Мөн уулчин бүрийн мөрөөддөг “Seven summit” буюу дэлхийн долоон тивийн долоо дахь оргилд гарсан Монголын анхны уулчин юм.
Б.Гангаамаа “Seven summit”:
- 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
- 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
- 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
- 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
- 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
- 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/
- 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массивд /4897 метр/
Зургийг IKON.MN-ээс...