“Хамаг Монгол” студи, “Жавхлант” бөхийн дэвжээнээс хамтран зохион байгуулсан Монгол туургатны бөхийн барилдаан үндэсний бөх, буриад бөх, үзэмчин бөх гэсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. Энэхүү барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын начин Т.Санчир нарын шилдэг бөхчүүд зодоглосон билээ.
Харин Буриад бөхийн барилдаанд Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүч чадлаа сорихоор ирсэн байна. Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Т.Өлзийсайхан үзүүрлэлээ. Үзэмчин бөхийн барилдаанд Өвөрмонголын алдарт аварга Д.Баярбааатар, н.Алтансүх, н.Алтандуулга нарын 21 бөх ирж зодоглосон юм. Уг барилдаанд Өвөрмонгол аймгийн Шилийн гол аймгийн аварга н.Бүрэнсайн түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн юм.
Дээрх гурван барилдаанд түрүүлсэн бөх тус бүр гурван сая төгрөг хүртсэн билээ. Барилдаан тус бүрт 128 бөх зодоглосон бөгөөд нэг бөх нэг л төрлийн барилдаанд зодоглох дүрэмтэй байсан юм. Харин үндэсний бөхийн барилдаанд барьц сонгуулахгүй барилдсан байна. Энэ нь дүрэмд оруулах өөрчлөлттэй холбоотой туршилт байсан юм. Тухайн бөхийг аль барилдаанд зодоглохыг сугалаагаар шийдсэн бөгөөд цагаан өнгийн бөмбөг сугалсан нь буриад бөхөөр, хөх бөмбөг сугалсан нь үндэсний бөхөөр, улаан бөмбөг сугалсан нь үзэмчин бөхөөр барилдсан билээ.