Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах 2020 оны 10 дугаар сарын 02-нд ОУОХ-ны нийт гишүүн Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчидтэй цахим уулзалт хийж, “Токио-2020”-ийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлжээ.
Энэхүү цахим уулзалтад 150 гаруй орны Олимпын хорооны ерөнхийлөгч оролцож, ярилцлага хоёр цаг орчим үргэлжилжээ.
Уулзалтын эхэнд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хичээнгүйлэн хийж, хичээл зүтгэл гарган шуурхай ажиллаж байгаа Японы шинэ Ерөнхий сайд болон Олимпын хорооны зохион байгуулах комисст талархал илэрхийлээд “ОУОХ-ноос бүх талаар дэмжиж, үйл ажиллагаа бүрт нягт уялдаатай хамтран ажиллана" гэдгээ онцолжээ.
Тэрээр, Дэлхий даяар “COVID-19” халдвараас үүдэн олимпын наадмын үеэр онош хурдан тогтоох түргэвчилсэн тестийг ашиглах болно. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран “COVID-19” вакцин гаргаж авахад онцгойлон анхаарч байна. Вакцины хоёр болон гуравдугаар шатны туршилт амжилттай болбол дараагийн шатны туршилтуудыг ирэх онд болох олимпын наадмаас өмнө дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой гэсэн юм.
Цахим уулзалтын үеэр Беларус улсын улс төрийн нөхцөл байдал болон Иран улс тамирчиндаа цаазын ял өгсөнтэй холбоотой ОУОХ-ны байр суурийг илэрхийлсэн. Бид улс орнуудын дотоод үйл хэрэгт оролцох боломжгүй ч спортоор дамжуулан хүний эрх, эв нэгдлийг хангах, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготой хэмээн мэдэгдсэн юм.
Мөн энэ уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр: “Монгол Улс “COVID-19” халдварыг дотооддоо алдаагүй орны нэг болсон. Энэ цар тахал гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч дотооддоо бүрэн хяналтад авч эмчилж чадаж байна. Дэлхий нийтэд хөл хорио тогтоосон ч манай тамирчид “Токио-2020” олимпын наадмын бэлтгэлээ тасралтгүй хийж, бэлтгэлээ хангаж байгааг онцлоод энэ онцгой нөхцөл байдлын үед олимпын наадам зохион байгуулахаар ажиллаж буй нийт хамтран зүтгэгчиддээ амжилт хүсье” гэжээ.
Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах: “Олимпын аварга Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд ажлаа амжилттай хийнэ гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна” гэсэн байна.