Монголын байт харвааны холбоо /МБХХ/-ны 60 жилийн ойн баярын өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэг хүрээлэн дахь Байт харваан "Дайчин чанар-Тэсвэрийн талбар" 360 талбайд зохион байгуулагдлаа.
Уулын спортын ОУХМ, Спортын гавъяат багш Р.Зориг нь 1960 онд Чехсловак улсын мэргэжилтэн Шимек Атонинтой уулзаж, манай оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал солилцсоноор анхны харваачдыг бэлтгэх болсон түүхтэй билээ.
Тус баярын өдөрлөгөөр Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа уншиж, МБХХ-ны ерөнхийлөгч П.Цагаанд гардуулан өгсөн юм.
Мөн Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нийт үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, холбоодын удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүсэв.
Дашрамд дурдахад, Монгол улсаас олимпын спортын төрлийн хамгийн анхны дэлхийн аваргын алтан медалийг Байт харвааны тамирчин Должингийн Дэмбэрэл 1971 онд Английн Иорк хотноо болсон тэмцээнд 30 метрийн зайд 2 удаагийн харвалтаар 641 оноо онож түрүүлсэн, мөн МУ-ын хөдөлмөрийн баатар Пара байт харвааны тамирчин Дамбадондогийн Баатаржав нь "Бээжин-2008" XIII зуны паралимпийн наадамд анхны алтан медалийг хүртсэн түүхтэй билээ.
Энэ өдөр олон нийт 360 талбайд байт харвааны үнэ төлбөргүй сургалтад хамрагдан, холбооны үйл ажиллагаатай танилцуулсан юм.