Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр /2020.06.27/ цахимаар хуралдаж Гишүүдийн ээлжит бус хурлын товыг санал нэгдэн зарлалаа.
Тус цахим хурлаар "COVID-19" цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ийнхүү товложээ. МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог нөхөн сонгох сонгууль буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг сонгохоор санал нэгдсэн байна.
Мөн МҮОХ-ны цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх, "Токио-2020" Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын "Элч"-ийг томилох тухай хэлэлцлээ.
Дашрамд дуулгахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 10 дугаар сард ажлаа өгсөн юм. Иймд ээлжит чуулганаа хийж шинэ ерөнхийлөгчийг сонгох нь “Токио-2020” зуны олимпын ХХХII наадам ойртоод байгаа энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Шинэ ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд Монгол Улсаас төрсөн олимпын анхны аварга, олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Маркетингийн комиссын гишүүн, МҮОХ-н ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Батболдын Баттүшиг тэргүүтэй хүмүүс нэр дэвшээд байгаа билээ.
Олимпын ууган аварга Н.Түвшинбаяр Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд онцгой нэмэр оруулсан тамирчин хүний хувьд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдвол үүнээс ч ихийг хийж чадна хэмээн спортынхон санал нэг дэмжиж байгаа юм.