Олон улсын олимпийн хорооноос "Токио-2020" олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой ирээдүйтэй, шилдэг тамирчдыг тус хөтөлбөрт хамрагдаж байна.
Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагдаж байна.
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд "Токио-2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Ёслолд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож, тэтгэлэгт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодын төлөөлөгчдөд амжилт хүсэн, баяр хүргэв.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд, 1 сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар хүртэх юм.
"Рио-2016" олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн спортын 7 төрлийн 17 тамирчин хамрагдаж байсан.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ТАМИРЧИД
Жүдо - Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар
Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
Бокс - Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ, М.Намуун
Чөлөөт бөх - П.Орхон, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг
Таэквондо - П.Тэмүүжин
Хөнгөн атлетик - Д.Гантулга
Байт харваа - Д.Мирослава
Хүндийн өргөлт - М.Анхцэцэг
Эх сурвалж: OLYMPIC.MN