Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон маргааш Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкертэй уулзалт хэлэлцээ хийхээр Люксенбургийг зорих гэж байна. Түүний энэ уулзалт амаргүй хүнд байх болно гэдгийг одооноос ажиглагчид тэмдэглэж байна. Энэ нь Ерөнхий сайд тогтсон хугацаанд нь буюу 10 дугаар сарын 31 гэхэд улс орноо тус холбооны эгнээнээс гаргах зорилгоосоо няцахгүйгээ зарлаж байгаа ч парламент энэ үйл явцыг 3 сараар хойшлуулах үүрэг өгөөд байгаатай холбоотой юм.
Их Британийн засгийн газар Европын Холбооны эгнээнээс тогтсон энэ хугацаанд гэхдээ гэрээгүйгээр улс орноо гаргахад хүрвэл ямар үр дагавар учрахыг урьдчилан тооцоолсон байна. Таван хуудас энэ тайланд тэмдэглэснээр Лондон Европын Холбоог гэрээгүйгээр орхин гарвал юуны түрүүнд Ла Маншийн хоолойгоор ачааны автомашинууд нэвтэрч гарахын тулд 2-3 өдрөөр саатдаг болох аж. Брекситийн дараах өдөр л гэхэд энэ суваг дахь тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн 60 хувиар буурна гэж тооцоолжээ.
Энэ нь ачааны автомашинуудын 85 хувь нь гаалийн шинэ дэглэмд бэлэн бус байхтай холбоотой гэж үзсэн байна. Харин хил дээр дараалал их үүссэнээс болж шатахуун, эм тариа, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Мөн гэрээгүй Брексит компаниудын худалдааг бууруулж хар захын хувь хэмжээг нэмнэ гэж үзэж байна. Үүнийг дагаад олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өртөж улмаар эдийн засгийг сулруулна гэж засгийн газрын шинжээчид дүгнэж байна. Харин Английн төв банк гэрээгүй Брексит Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5,5 хувиар бууруулж, ажилгүйдлийн түвшин 7 хувь хүрч өсөхөд нөлөөлнө гэж тооцоолсон байна. Түүнчлэн инфляцын түвшин 2 дахин нэмэгдэж 5,5 хувьд хүрэхийг анхааруулсан байна.
Эх сурвалж: MNB