АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БРИКС-ийн орнууд олон улсын худалдаанд ам.долларыг орлох шинэ валют бий болгох, эсвэл өөр валютыг дэмжих ёсгүй гэж мэдэгдэв. Хэрэв тэд ийм алхам хийвэл АНУ тэдний бараа бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулж, Америкийн зах зээлд худалдаалах боломжийг нь хязгаарлана гэж Трамп “TRUTH Social” сүлжээндээ бичжээ.
"БРИКС-ийн шинэ валют бий болгохгүй байх, эсвэл хүчирхэг америк долларыг орлуулахын тулд өөр ямар нэгэн валютыг дэмжихгүй байхыг бид эдгээр орноос шаардаж байна. Эс тэгвээс тэднийг 100 хувийн татвар хүлээж байгаа бөгөөд Америкийн гайхамшигтай зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдах боломжгүй болно" гэж Трамп онцолсон байна.
Тэрбээр АНУ олон улсын худалдаанд америк долларыг орлуулахыг зөвшөөрөхгүй хэмээн анхааруулж, хэрэв ийм алхам хийхийг оролдвол худалдааны хатуу арга хэмжээ авна гэдгийг сануулжээ.
БРИКС-ийн орнуудын зүгээс харилцан төлбөр тооцоонд үндэсний валют ашиглах боломжийг нэмэгдүүлэх, нэгдсэн валют бий болгох талаар ярилцаж байгаа хэдий ч одоогоор энэ асуудлаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Эх сурвалж: RIA Novosti