Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Оттава Сенаторз” болон “Вашингтон Кэпиталз” багуудын тоглолтын өмнө Вашингтонд болсон нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болжээ.
Канадын нийслэлд болсон уг тоглолтын үеэр “Вашингтон” багийн ахмад тоглогч, телевизийн хөтлөгч Шон Симпсоныг мөн хүндэтгэлээ. Тэрбээр лхагва гарагт 56 насандаа таалал төгссөн байна.
Пүрэв гарагт шилжих шөнө Вашингтоны Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудалд буухаар бэлтгэж байсан American Airlines компанийн Bombardier CRJ700 зорчигч тээврийн онгоц АНУ-ын армийн Sikorsky H-60 нисдэг тэрэгтэй мөргөлдөж сүйрсэн осол гарсан. Онгоцонд 60 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн, нисдэг тэргэнд гурван цэргийн алба хаагч байсан бөгөөд ослоор амьд үлдсэн хүн байхгүй байна.
Channel2 NOW сувгийн мэдээлснээр, осолдсон онгоцонд ирээдүйтэй уран гулгагч Спенсер Лейн, Жинна Хан, Франко Апарисио, Эверли Ливингстон, Алидия Ливингстон, Шон Кей, Анжела Янг, Эдвард Жоу нар зорчиж явжээ.
Спортын агент Ари Закаряны мэдээлснээр, мөн онгоцонд 1994 оны уран гулгалтын дэлхийн аваргууд Евгения Шишкова, Вадим Наумов, ЗХУ-ын аваргын хүрэл медальт Инна Волянская нар байжээ. Тэд АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байсан аж.
Эх сурвалж: РИА Новости