АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг ашиглахыг хоригложээ. Энэ тухай “Axios” цахим хуудас Төлөөлөгчдийн танхимын хороодод илгээсэн захидлыг эш татан мэдээлэв.
"DeepSeek"-тэй холбоотой асуудлыг Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор албан ёсоор ашиглахыг зөвшөөрөөгүй" гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
Үүнээс өмнө Италийн Хувь хүний мэдээллийг хамгаалах газар тус программыг хаах шийдвэр гаргасан бөгөөд Европын Холбооны дүрэм журмыг мөрдөхөөс татгалзсан нь шалтгаан болсон гэжээ.
Хятадын AI хөгжүүлэгчид технологийн өрсөлдөөнд хүч түрж байна
Хятадын “DeepSeek” компани R1 чатботын шинэ хувилбарыг нэгдүгээр сарын 20-нд танилцуулсан бөгөөд шинжээчид уг технологийг “ChatGPT”-ээс илүү үзүүлэлттэй хэмээн дүгнэжээ.
Мөн Хятадын хөгжүүлэгчид OpenAI-аас хамаагүй бага зардлаар уг чатботыг бүтээсэн нь онцлох зүйл болсон гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Шинэ бүтээгдэхүүн гарсан нь зах зээлд хүчтэй нөлөөлөв
Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюуны шинэчлэлт нь технологийн зах зээлд шууд нөлөө үзүүлж, Nasdaq индекс 3 гаруй хувиар буурсан байна.
Үүнээс гадна "OpenAI"-ийн томоохон чип нийлүүлэгч "Nvidia" компанийн хувьцаа 16.86 хувиар унажээ.
"DeepSeek" технологийг хууль бусаар олж авсан уу?
“Microsoft” болон “OpenAI” компаниуд “DeepSeek” нь тэдний технологийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж. Энэ асуудлаар албан ёсны мөрдөн шалгалт эхлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: TASS