"Тэсийн голын монголчууд" кино олон улсын кино фестивальд шалгарчээ.
“Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” нэртэй олон улсын кино фестивальд оролцсон “Тэсийн голын монголчууд” киноны зураг авалтыг шүүгчид өндөр үнэлсэн байна.
Фестивалиас шалгарсан кинонуудыг Герман болон Бельги улсад зохион байгуулах Мал Аж Ахуйн олон улсын үйл ажиллагааны үеэр олон нийтэд таниулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх гэнэ.
Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумд зэрэг Монголын болон Оросын нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгадаг. Голын сав нутгаар хотгойд, халх, баяд ястан болох Тэсийн голынхон аж төрөн суудаг.
Кинонд нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьжиргаа, аж амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншлыг Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдран буй гурван айлаар жишиж харцуулан үзүүлжээ.