Олимпын гурван удаагийн аварга, домогт сагсан бөмбөгчин Кармело Энтони энэ онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд албан ёсоор мөнхлөгдөх болсныг ESPN-ийн сэтгүүлч Шэмс Чарания мэдээллээ. Түүний нэрийг Спрингфилд хот дахь Нейсмитийн нэрэмжит танхимд мөнхлөхөөр шийдвэрлэсэн байна.
Өдгөө 40 настай Энтони Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд (NBA) 19 улирал тоглохдоо “Денвер Наггетс”, “Нью-Йорк Никс”, “Оклахома Сити Тандер”, “Хьюстон Рокетс”, “Портланд Трэйл Блэйзерс”, “Лос-Анжелес Лэйкерс” зэрэг багуудын бүрэлдэхүүнд хүчин зүтгэж, 10 удаа NBA-гийн Бүх оддын тоглолтод нэрлэгдсэн. Мөн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож, 2008, 2012, 2016 оны Олимпоос алтан медаль, 2004 онд хүрэл медаль хүртсэн амжилттай.
1959 онд байгуулагдаж, 1968 онд олон нийтэд нээлттэй болсон энэхүү алдрын танхимд зөвхөн тоглогч гэлтгүй дасгалжуулагч, шүүгч, сэтгүүлч, спортын тайлбарлагч зэрэг сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжсэн хүмүүсийн нэрийг мөнхөлдөг. Энэ удаагийн сонголт нь Кармело Энтонигийн спортод оруулсан үнэт хувь нэмрийг хүндэтгэн, үеийн үед дурсагдах гавьяа зүтгэлд нь хүндэтгэл үзүүлсэн явдал юм.
Эх сурвалж: ESPN.