Борис Жонсоны нууц амраг 31 настай Кэрри Саймондсийн тухай Борисын нэр Ерөнхий сайдад дэвшээд эхэлсэн үеэс идэвхтэйгээр яригдаж эхлэв. Тэдний насны зөрүү 24. Нэгдсэн вант улсын албан бус тэргүүн хатагтай тийм ч энгийн биш "леди" ажээ.
“Нүгэлтэн” тэргүүн леди
Гарч байгаа яриагаар бол Борис Жонсон өмнөх эхнэрээсээ салах ажиллагаа дуусангуут Кэрри Саймондс Даунинг-стрит, 10-т албан ёсоор очиж суурьших гэнэ. Тэр Ерөнхий сайдын ажлаа авах ёслол дээр Кэрри Жонсоны дэргэд зогсохгүй, мөн тэрбээр хатан хаанд бараалхах ёслолд байлцахгүй. Санал хураалтын дүнг сонсгоход тэр байгаагүй ба Засгийн газрын байранд ажилтнуудынх нь ордог хаалгаар оржээ.
Одоо байгаа зарим нэг мэдээгээр, энэ эмэгтэйн элэнц өвөө Герберт Асквит Ерөнхий сайд байсан гэнэ. Саймондс өөрөө The Independent сониныг үндэслэгч Мэттью Саймондсийн гэрлэлтээс гадуурх охин ажээ. Эх нь уг сонины ажилтан Жозефин Макафи гэдэг эмэгтэй гэнэ.
Энгийн бус боловсрол авсан ба Баруун Лондоны жилийн 20 мянган фунтын төлбөртэй Godolphin and Latymer School сургуульд суралцсан байв. Энэ сургуулийг нэртэй дуучин эмэгтэй Софи Эллис-Бекстор, Холливудын од Кейт Бекинсейл нар төгссөн юм.
2007 онд хүчирхийлэгчийн эсрэг нууцаар мэдүүлэг өгсөн байдаг. Таксинд суугаад жолоочийн өгсөн архийг уугаад юугаа ч мэдэхгүй болтлоо тасарсан гэж мэдүүлжээ. Тэр жолоочийг 12 хүүхэнд халдсан хэргээр 10 жилээр хорих болсон юм.
Оюутны жилүүдээ Уорикийн их сургуульд өнгөрөөн урлаг, театрын түүх судалжээ. Жүжигчин болохоор оролдон нэгэн киноны шалгаруулалтад финалдсан байв. Дараа нь улс төр сонирхон Консерватив намын хэвлэлийн албанд ажиллав. Сонгуулийн кампанид намынхаа хэвлэлийн албыг толгойлох хүртэл дэвшжээ. Жилийн 80 мянган фунтын цалинтай тэр тушаалыг царайлаг цайвар үст нэг жил шахуу хашсан байв. Саяхан түүнийг албан тушаалаа ашиглан хэтэрхий их мөнгө зарлагадсан, ажлын бус цагаар намын мөнгөөр таксидсан гэж халсан юм. Гэхдээ эх сурвалжуудын мэдээгээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэгтэй хэтэрхий дотно харилцаатай байсан нь халах шалтгаан болсон гэнэ.
Бористой нууцаар амьдарсан нь
Саймондс Жонсоныг хотын мэрт нэр дэвшиж байхаас таньдаг болсон ч тэдний хайр түүний 30 насанд эхэлжээ. Төрсөн өдөрт нь нас чатуутнуудаас гадна намын зарим зүтгэлтнүүд, тэдний тоонд найр наадамд дуртай Борис уригдсан байжээ.
Эхнэртэй сайдтай (Марина Уилертай гэрлээд 25 жил, дөрвөн хүүхэдтэй болсон) харилцаагаа тэр ихээхэн нууж иржээ. Кэрри үсээ өөрөөр будаж, утасны дугаараа сольж, сэтгүүлч нараас зугтаж, сүлжээг ашиглахаа больсон ба өөрөө л очиж уулздаг байж. Тэгээд Уилер, Жонсон хоёр салах ажиллагааг эхлүүлсний дараа л тэдний хайр танигдсан байлаа.
Зарим нь Саймондсийг гэр бүл үймүүлсэн гэж байхад нөгөө хэсэг нь эхнэр нөхөр хоёрын харьцаа эртнээс болохоо больсон гэж байв. Марина Уилер нөхрийнхөө хайрын адал явдлуудаас ядарч, цөхөрчээ.
Лондоны мэр Борис Жонсон эхнэр Марина Уилерын хамт Лондоны олимпийн нээлт дээр
Бараг насаар чацуу Жонсоны том охин “хойд эхээ” огт хүлээн авсангүй. Тэдний нэгэн хэрүүл цагдаа дуудахад хүргэж байлаа. Сонгуулийн кампанийн үеэр шөнө нь хөрш айлууд нь хэрүүл сонсон цагдаа дуудсан байв. “Надад бүү гар хүр. Миний гэрээс зайлаад өг” гэж эмэгтэй нь хашгирч эрэгтэй нь мөн л тийм янзаар хариулж байв. Цагдаа нар хөршүүдтэй нь ярилцаад хэрүүлд нь оролцоогүй өнгөрчээ.
Гэхдээ ажиглагчид шинэ харьцаа нь Жонсонд ашигтай болж байгааг хэлэв. Замбараагүй сэгсийсэн үс, илүүдэл жин, архидалт нь багассанаас гадна “улс төрдөө” өөрийгөө бодлоготойгоор авч явдаг болсон гэнэ.
Амбици ба чанга ааш
Жонсон, Саймондс хоёр албан ёсоор гэрлээгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Их Британийн тэргүүн хатагтай гэж нэрлэн өмнөх леди нартай нь зэрэгцүүлэн жишиж байна. Тэдэнтэй эн зэрэгцэхээргүй нэгэн аж.
Саймондс Даунинг-стритийн түүхэнд хамгийн улстөрч тэргүүн хатагтай болно. Түүнд өөрийн оффис байх ба “штабын даргатай” болох гэнэ. Жеймс Кэмероны эхнэр Саманта Кэмерон, Жон Мэйжорын эхнэр Норма Мейжор нар хаяа нэг буяны үдэшлэг зохион байгуулааад улс төрөөс хол, нөхрүүдийнхөө л эхнэрүүд байжээ. Мисс Саймондс, шинэ статусаа ашиглан өөрийн төслүүд, санааг хэрэгжүүлнэ гэсэн таамаглал байгаа. Далай тэнгисийн бохирдол, эмэгтэйчүүдийн асуудлууд түүний гол сэдэв болно гэж бичиж байна.
Борис Жонсоны бүсгүй Кэрри Саймонс Даунинг-стритэд, долдугаар сарын 24
Мөн хэвлэлүүд түүний ааш араншинг хэлж байна. “Хэрэв та түүнтэй найзалсан бол бүх зүйл окей, харин та түүнд таалагдахгүй бол та өнгөрлөө л гэсэн үг” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалжууд ярьжээ. Түүний өмнөх залуу нь хамтран амьдрахад бэрхтэйг хэлж байсан аж. Жонсонтой жиг ургуулахын өмнө тэр өөрийгөө хариуцлагатай ажилтан гэдгээ харуулж, Хууль зүйн сайд Майкл Гоув, Лондоны мэр Садик Хан, Төрийн сан хөмрөгийн тэргүүн Мэтт Хэнкок нарын хүндэтгэлийг авч чадсан байв.
Кэрри Саймондсийн карьерын амбици, итгэлтэй байдлын талаар ярих юмгүй. Залуу, эрч хүчтэй британи эмэгтэй сонинуудын тэргүүн нүүрэнд нэг биш гарч байх болно гэж шинжээчид хэлж байна.