Хятад улсын нийслэл Бээжин хотноо "Дашин" олон улсын нисэх буудлын барилгын ажил дуусжээ. Өнгөрсөн ням гаригт барилгыг хүлээлгэн өгчээ.
Бээжин хотын төвөөс урд зүгт 46 км зайнд байрлах нисэх буудал нь 1.4 сая м.кв талбайтай ба нийтдээ 25 ширхэг хөл бөмбөгийн талбайтай тэнцэх аж.
Дэлхийн хамгийн том нисэх буудлыг ирэх есдүгээр сарын 30-нд нээхээр төлөвлөжээ.
2025 он гэхэд "Дашин" олон улсын нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 100 сая зорчигч, 880 мянган нислэгт үйлчилдэг болно гэж тооцоолжээ.
Хүчин чадлаараа бүрэн ажиллаж 100 сая зорчигч хүрэх үеэд АНУ-ын Атлантагийн нисэх буудлыг зорчигчийн тоогоор гүйцэж, дэлхийн хамгийн том нисэх буудал болох гэнэ.
Хятад улсын засгийн газар энэхүү нисэх буудлыг барихад 60 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд нисэх буудлын барилгын ажил 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд эхэлж байжээ.