Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг М Си Эс групп Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа ажээ.
Хөтөлбөрийн хүрээнд МУЗ нь ЮНЕСКО-н биет өвийн мэргэжилтэн, ICOMOS буюу “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл”-ийн Америкийн хорооны тэргүүлэгч гишүүн, АНУ-ын түүх соёлын дурсгалт барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Ж.Келлиг урин “Дурсгалт барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сургалтыг 2019 оны зургаадугаар сарын 3-14-нд амжилттай зохион байгуулжээ.
Дурсгалт уран барилгын материал судлал, хийц бүтээц, гэмтлийн оношилгоо, барилгын урт хугацааны ажиглалт мониторинг, өв дурсгалын эмзэг байдал-эрсдлийн үнэлгээ, дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө зэрэг олон сэдэвт онол, дадлага хосолсон тус сургалтанд Монголын түүх соёлын дурсгалыг сэргээн засварлагч компаний архитектор инженерүүд, сүм хийд, түүх соёлын дурсгалт газрын ажилтнууд, Соёлын Өвийн Үндэсний Төв ба музейн сэргээн засварлагч зэрэг 30 орчим мэргэжилтэн хамрагдаж өөрсдийн мэдлэг чадавхийг дээшлүүлсэн байна.
Түүнчлэн профессор Стивен Чойжин ламын сүм музейн найман барилгын эвдрэл гэмтэл, нөхцөл байдлын судалгааг хийсэн бөгөөд цаашид тус музейг сэргээн засварлах ажлын зөвлөмж гарган, сэргээн засварлалтын ажлын зураг төсөлд хамтран ажиллах юм.
Уг төслийн үр дүнд Монголд анх удаа олон улсын стандартын дагуу дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг Чойжин ламын сүм музейд зориулан боловсруулж, энэхүү жишиг төлөвлөгөөг Монголын түүх соёлын дурсгалт газруудад үлгэр жишээ болгон хэрэглэх боломж бүрдэж байна.
Монголын Урлагийн Зөвлөл