Энэтхэгийн зүүн нутгийн Бихар мужид хэт халсны улмаас нас барсан хүний тоо 78 хүрсэн талаар тус мужийн засаг захиргааны төлөөлөгчид мэдээлжээ.
Нас барагсад Бихар мужийн Аурангабад, Гая, Навада, Жамуи дүүрэгт амьдардаг байжээ. Мужийн засаг захиргаа өдрийн цагаар гэртээ байх, шингэн юм сайн уухыг оршин суугчдадаа зөвлөж байгаагийн зэрэгцээ 11-16 цагийн хооронд барилгын ажил явуулахыг хориглох шийдвэрийг гаргасан байна. Үүнээс гадна мужийн сургуулиудын үйл ажиллагааг зургадугаар сарын 22 хүртэл түр зогсоожээ.
Бихар мужийн нийслэл Патна хотод өнгөрсөн ням гаригт Цельсийн 45 хэм хүрч халсан нь хэвийн түвшнээс найман хэмээр өндөр байжээ. Цаг уурын газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Бихар мужийн төв, зүүн нутгаар агаарын температур хэвийн түвшнээс дунджаар 6-7 хэмээр өндөр байгаа аж.
Эрүүл мэндийн яам наранд цохиулсан хүмүүсийг хэвтүүлэхэд ор хангалттай байлгахыг эмнэлгийн удирдлагуудаас хүссэн бөгөөд нөхцөл байдлыг зохицуулахын тулд эмнэлгүүдэд эмч нарыг нэмж ажиллуулж байна.