Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ долоо хоногт Умард Солонгост айлчлахаар болсныг Синьхуа агентлаг мэдээлжээ.
Тэрээр энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар Пёньянд саатхаар болжээ. Пёньяны дэглэмийн гол ивээн тэтгэгч гэгддэг Хятад улсын төрийн тэргүүний айлчлал геополитикийн чухал ач холбогдолтойд тооцогдож байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад Бээжингийн оролцоо голлох үүрэгтэйгээс гадна Америк-Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайнд энэ айлчлал чухал нөлөө үзүүлэх юм.
Өнгөрсөн хугацаанд Ким Жон Ун дөрвөн удаа Хятадад айлчилсан бол Ши Жиньпиний хариу айлчлал хэзээ болох талаар мэдээлэл өнөөдрийг хүртэл ил болоогүй байв. Хамгийн сүүлд 2005 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао Умард Солонгост гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны талийгаач эцэг Ким Жон Илтэй уулзаж байжээ.
Эх сурвалж: South China Morning Post