Ням гаригт болсон Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын залгамжлагч Кассым Жомарт-Токаев 70 гаруй хувийн саналаар ялжээ.
Урьдчилсан дүнгээр 66 настай дипломатч Токаев нийт саналын 70 гаруй хувийг авсан бол түүнд хамгийн ойрхон санал авсан нэр дэвшигч 15 хувьтай Амиржан Косанов байжээ.
Токаевтай нийт зургаан нэр дэвшигч өрсөлдсөн нь үнэндээ бэлгэ тэмдэг төдий үйлдэл байв. Казахстаныг 30 шахуу жил удирдсан Назарбаевын сонгосон хүн энэ сонгуульд ялах нь эхнээсээ тодорхой байв.
Сонгуулийн өдөр Казахстанд “хуурамч” сонгуулийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн өрнөсөн нь сүүлийн 30 жилд тохиогоогүй том тэмцэл боллоо. Өчигдөр орон даяар нийт 500 орчим тэмцэгчийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, радикал үйлдэл гаргасан шалтгаанаар баривчилснаа тус улсын дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP