Монголын үндэсний балет улсын гуравдугаар уралдаан энэ сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байна талаар Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг: "Балетийн урлагаар хичээллэх хүүхэд багачуудын тоо нэмэгдсээр байна. Анхны уралдаанд 100-гаад хүүхэд оролцож байсан бол энэ удаагийн уралдаанд 190 хүүхэд оролцох гэж байгаагаас харж болно.
Уралдаааныг БСШУСЯ-ны дэмжлэгээр Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулж байна. Тус сан 2010 онд байгуулагдсанаас хойш 2014 онд анх “Цөмөөхэй” балетыг хийж, 180 хүүхэд тайзан дээр бүжиглэж байсан бол 5 дахь жилдээ 1000 гаруй хүүхдийг тайзнаа гаргалаа" гэлээ.
Тэмцээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй балетын сургуулиуд сурагчдаа сойж байгаа бөгөөд Монголын үндэсний балетын сургууль таван насны ангилалд 80 гаруй хүүхэд оролцуулахаар бэлтгэж байна гэж тус сургуулийн багш Лхагватуяа сонирхуулав.
Балет бол маш хэцүү урлаг. Анхны тэмцээнүүдэд байр эзэлсэн балетчид маань олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна. Монголд балетын улсын уралдаан зохион байгуулж, өрсөлдөөн ихтэй болохын хэрээр балетчидын ур чадвар нэмэгдэж, Монголын балетын урлагийг дэлхийд сурталчилдаг. Энэ тэмцээн бол Монголын балетын шинэ үеийн залуусыг дэлхийн тавцанд таниулах бас нэг боломж хэмээн хэвлэлийн хуралд оролцсон мэргэжлийн багш нар онцлов.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятад, Японоос мэргэжлийн шүүчдээс гадна Монголын балетын загалмайлсан эцэг Б.Жамъяндагва, СУИС-ийн багш Д.Алтантуяа нарын мэргэжлийн уран бүтээлчид шүүгчээр ажиллахаар болжээ.