Өнөөдөр өглөө Японы Кавасаки хотод хутгаар зэвсэглэсэн этгээд автобусны зогсоолд байсан хүмүүс рүү дайрсаны улмаас 19 хүн шархджээ. Шархдсан иргэдийн 13 нь сургуулийн автобус хүлээж байсан 6-7 насны бага ангийн сурагчид байсан гэнэ.
Хутгалуулсан иргэдийн тавынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор хүний амь үрэгдсэн тухай мэдээлээгүй байна.
Харин халдлагыг 50 орчим насны эрэгтэй үйлдсэн ба гэмт үйлдлийнхээ дараа өөрийгөө хутгалсан байна. Түүнийг ухаангүй байгаа тухай цагдаагийн газар мэдээлжээ.
Мөн цагдаа нар хэргийн газраас хоёр хутга олсон байна.
Өндөр хөгжилтэй улс орнуудаас Япон гэмт хэргийн гаралт хамгийн багатайд тооцогддог. Гэхдээ гудамж талбай, олон нийтийн газарт хүмүүс рүү хутгаар зэвсэглэн халдсан гэмт хэрэг үе үе гардаг байна.
Тухайлбал 2016 онд Токиогийн ойролцоох асрамжийн газрын ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хутгалснаас 19 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж байжээ.