АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийх төрийн айлчлалаа өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн билээ. Тэрээр өнөөдөр гэргий Меланьягийн хамт Японы эзэн хаан Нарүхито болон түүний гэргий, хатан Масакотой Токио хот дахь эзэн хааны ордонд уулзлаа.
Эзэн хааны ордонд морилхын өмнө Трамп болон түүний гэргийг Японы Өөрийгөө хамгаалах хүчний хүндэт харуулууд угтан авсан бөгөөд хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлжээ.
Японы эзэн хаанд бараалхсаныхаа дараа Трамп Ерөнхий сайд Абэ Шинзотой хэлэлцээ хийх аж. Талууд Солонгосын хойгийн байдал болон хоёр орны худалдааны асуудлуудыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Японы шинэ эзэн хаанд бараалхсан анхны гадаад удирдагч болж байна.
Дашрамд сонордуулхад, Шинэ эзэн хаан Нарүхито тавдугаар сарын 1-нд эзэн хааны сэнтийд заларч, Японд Рэйвагийн эриний он тоолол эхэлсэн юм.