АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийх төрийн айлчлалаа өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн билээ. Тэрээр өчигдөр Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн болох Рэйва эриний анхны башёны сүүлийн өдрийн барилдааныг үзжээ.
Ерөнхийлөгч Трамп энэ үеэр түрүүлсэн бөх болох 25 настай мэгашира цолтон Асаноямад өөрийн нэрэмжит “United States President’s Cup” нэртэй цомыг анх удаа гардуулсан байна.
Харин Хэйсэй тооллын сүүлийн тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо Даваажаргал гэмтлийн улмаас зодоглоогүй бол шинэ озэки Такакэйшёо бэртэл аван, тэмцээнийг дундаас нь орхисон юм. Рэйва эриний эхний башёд түрүүлэх хүсэлтэйгээ хэлж байсан хоёр бөх байхгүй болж, ёкозүна Какүрюү хамгийн түрүүлэх боломжтой бөхөд тооцогдож байлаа. Гэвч башё хэний ч төсөөлж байгаагүй үр дүнтэй дуусч мэгаширагийн найм дахь бөх, Такасаго дэвжээний Асанояма Рэйва эриний анхны башёд түрүүлэв.
Энэ удаагийн сүмогийн тэмцээн дээр хэд хэдэн уламжлал эвдэгдсэн байна. Дурьдахад, Сүмо үзэхдээ дэвжээний дэргэдээс үзсэн хүмүүс тусгай олбог дээр завилж суух ёстой бол ерөнхийлөгч Трамп гэргийн хамт сандал дээр тухлан суужээ. Мөн тэрээр дэвжээ буюу дохён дээр гарахдаа хүн бүр гутлаа тайлах ёстой байдаг уламжлалыг үл тоон гуталтай гарсан байна.
Энэ талаар Японы зарим хэвлэлүүд Трампын гуталтай хөл тавьсан дэвжээг ариулахыг Сүмогийн Холбоонд санал болгожээ.
Мөн Сүмо бөхийн тэмцээний сүүлийн өдөр Сүмогийн Холбооноос барилдааны үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олбогоо шиддэг уламжлалыг хориглосон бөгөөд энэ нь ерөнхийлөгч Трампын аюулгүй байдалтай холбоотой байжээ.
Сэтгэгдэл (1)