Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаас зургадугаар сарын 7-нд огцорно гэдгээ өчигдөр мэдэгдлээ.
Тэрээр Brexit буюу Их Британийг Европын Холбооноос гаргах үйл явцыг амжилттай удирдаж чадаагүйнхээ төлөө намын нөхдийн шахалтаар, тэр дундаа, “Brexit”-ийн асуудлаарх шинэ хэлэлцээрт сэтгэл дундуур байгаа сайд нарын гишүүдийн шахалтаар ийм мэдэгдэл хийхэд хүрчээ. Британий хэвлэлүүдийн мэдээлж буйгаар "тэд хэрэв эрх мэдлийг шинэ удирдагчид өө сэвгүй шилжүүлэн өгөхөөс татгалзаж, огцрох өдрөө мэдэгдэхгүй бол Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудлыг дахин тавина" гэж сүрдүүлсэн байна.
Энэ нь Мэй мөн Их Британийн ерөнхий сайдын албан тушаалаас огцрох ёстой гэсэн үг юм. Гэхдээ тэрбээр зургадугаар сарын эхээр Их Британид төрийн айлчлал хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж амжих юм байна.
Одоогоор тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Мэйн оронд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа боловч шинэ удирдагчийн сонгуулийн үйл явц зургадугаар сарын 7-ноос хойш албан ёсоор эхлэх аж.
Тереза Мэй Даунинг-стрит дэх албан ёсны өргөөнийхөө үүднээс огцорно гэдгээ мэдэгдсэн бөгөөд үгийнхээ төгсгөлд нулимсаа барьж чадалгүй уйлсан байна. Тэрээр “Миний амьдралд тохиосон хамгийн нэр хүндтэй албыг би удахгүй орхих гэж байна. Би энэ улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд байлаа. Гэхдээ сүүлчийнх нь биш гэж найдаж байна” гэжээ.
Сайд нарын танхимын шинэ дарга сонгогдох хүртэл Мэй Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэх юм.
Европын Холбооны гишүүнчлэлээс Британи улсыг эрсдэлгүй гаргах асуудал сунжирсан урт маргаан дагуулж, өнөөдөр хоёр дахь ерөнхий сайдаа огцроход хүргэлээ.