Зураг: "Alice" цахилгаан онгоц
MagniX компани цахилгаан хөдөлгүүрээр Израилийн "Eviation" компанийн бүтээж байгаа цахилгаан онгоцыг хангахаар болжээ. Зохион бүтээгчид нь нислэгийн үнийг 50 хувиар хямд болгохоор Eviation Aircraft амлаад байгаа аж.
Eviation компани Alice гэх онгоцондоо цахилгаан хөдөлгүүр сонгосон бөгөөд цахилгаан хөдөлгүүрийг нийлүүлж буй MagniX компанийн захирал Рой Ганзарски хэлснээр 375 морины хүчтэй Magni-250 гэх гурван хөдөлгүүрт Alice онгоцыг Парисын нисэхийн салон дээр зургаадугаар сард танилцуулахаар болсон гэдгээ мэдэгджээ.
Нисэхийн салонд танилцуулсан Alice онгоцыг Аризона мужид илгээн тэнд жилийн турш турших бөгөөд Eviation компани 2021 оны сүүлчээр онгоцондоо сертификат аван дараагийн жилээс нь онгоцоо зах зээлд гаргах гэнэ.
Үүний хажуугаар, Siemens үйлдвэрлэсэн хөдөлгүүртэй онгоцны хувилбарыг бас санал болгох гэнэ. Тус компани мөн Siemens компанитай гэрээ байгуулснаа өмнө нь мэдээлж байсан юм.
Сарын өмнө MagniX өөрийн цахилгаан хөдөлгүүрээ уснаас хөөрөх онгоцыг цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилготой Канадын "Harbour Air" компанид нийлүүлнэ гэж байв. Нэг хөдөлгүүрт "Harbour Air" онгоцыг 750 морины хүчтэй Magni-500 цахилгаан хөдөлгүүрээр тоноглох ба тэр 100 милийн (ойролцоогоор 160 км) зайд нисэх ажээ.
Үйлдвэрлэгчийн мэдэгдсэнээр, гурван хөдөлгүүрт Alice онгоц бүрэн цэнэглэгдээд есөн зорчигчийг 650 миль (бараг 1050 км) зайд зөөж чадна гэв.
Alice зохиомжид хөнгөн бат бэх материал ихээр хэрэглэсэн учраас онгоцонд гурван тонн орчим аккумуляторын зайг байрлуулах боломжтой гэжээ.
MagniX компани нь Сингапурын Clermont Group корпорацийн харъяа бөгөөд хэдэн сарын өмнө төв байраа Австралиас Рэдмондод шилжүүлсэн байна. MagniX цахилгаан хөдөлгүүрүүд 1500 цагийн турш туршигдаж амжилттай болсон бөгөөд Австралид хөдөлгүүрийнхээ үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа аж.
Ганзарскигийн тэмдэглэснээр, компани оны сүүл гэхэд 20 хөдөлгүүр үйлдвэрлэн бэлэн болгох гэнэ. Ер нь бол хэдэн зуун хөдөлгүүр үйлдвэрлэх төлөвлөгөө байгаа учраас MagniX ажилчдаа нэмнэ гэжээ.
Eviation компанийн Ерөнхий захирал Омер Бар-Йохай ярихдаа, сэнстэй MagniX хөдөлгүүрийн туршилт сайн үр дүнтэй байгаа гэлээ. Тэрбээр Alice экологийн онгоцнууд өнөөдөр байхгүй зах зээлийн шинэ хэлбэрийг үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Eviation компанийн хажуугаар цахилгаан, хибрид онгоцыг бусад компаниуд бүтээж байгаа. Жишээлбэл, Airbus, Rolls-Royce эсвэл Boeing HorizonX дэмжиж байгаа Киркленд хотын Zunum Aero компанийг нэрлэж болох юм.
М.Цогт