БНХАУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Wikipedia” цахим хуудасны бүх хэлээрх хувилбарыг ашиглахыг хориглосон гэж “Wikimedia” сан албан ёсоор мэдээллээ.
Хятад улсад ашиглахыг хориглодог олон мянган цахим хуудасны жагсаалтад “Wikipedia” орсныг мэргэжилтнүүд анх илрүүлсэн байна. Өмнө нь тус улсад “Wikipedia” цахим хуудасны Хятад хэлээрх хувилбар руу нэвтрэхийг хориглодог байсан юм.
“Wikimedia” сангийн мэдэгдэлд, Хятад улсад “Wikipedia” цахим хуудсыг ашиглах боломжгүй болсныг бид дөрөвдүгээр сарын сүүлээр олж тогтоолоо. Дотоодын сүлжээний мэдээллийг хянасны дүнд тус улсад “Wikipedia”-гийн бүх хэлээрх хувилбарт нэвтрэх боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн мэдэгджээ.
Чөлөөтэйгээр нэмж засварлах боломжтой “Wikipedia” цахим толийг дэлхийн олон улс оронд ашиглахыг хориглосон байдаг юм. Тэдгээр улсуудын жагсаалтад 2017 онд Турк, энэ онд Венесуэл улс нэгдсэн байна.