Их Британийн хунтайж Харри, Сассекийн гүнгийн хатан Меган Маркл нар хүүтэй болжээ. Хаан ширээг залгамжлах дараалалд долоодугаарт бичигдсэн хүүгийн нэрийг тун удахгүй зарлах аж. Хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар тун удахгүй Виндзорын цэцэрлэгт хүрээлэнд гэрэл зурагчдыг урьж, шинэ мэндэлсэн хүүгийн гэрэл зургийг олон нийтэд дэлгэнэ. Сэтгүүлч нар ордны гадаа хүлээж байгаа юм. Кенсингтоны ордноос гүнгийн хатан Меганыг даваа гаригийн өглөө 05:26 цагт амаржсан тухай албан ёсоор зарласан байна.
Уэльсийн хунтайж Чарльз, Диана гүнж нарын бага хүү хунтайж Харри Америкийн жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны тавдугаар сард хуримаа хийсэн бөгөөд хуримын өдөр хатан хаан II Елизавета хосуудад Суссексийн гүн болон гүнгийн ахайтан цол хайрласан билээ.
Тэдний анхны хүүхэд Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн долоодугаарт бичигдлээ. Мөн Их Британийн хатан хааны удам дахь анхны африк гаралтай гишүүн болж байна.